ХУУЛЬ, ДҮРЭМ

Галт зэвсгийн тухай Монгол Улсын хууль

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хангах, галт зэвсэг, сумны эргэлтэд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг мөрдүүлэхэд оршино.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.1. "галт зэвсэг" гэж дарины шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу болон үрэл гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий буудлагын хэрэгслийг; 

3.1.2. "сум" гэж галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу бүгд нэг биет болж угсрагдсан, эсхүл гол төмөрт хийж буудлага үйлдэх зориулалттай бүрдэл хэсгийг;

3.1.5. "буудлага үйлдэх байгууламж /тир/" гэж галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээр спорт-сургалтын дадлага хийх болон энэ хуульд зааснаар ашиглах зориулалтаар тоноглож зассан орчныг;

3.1.7. "үйлдвэрийн хийцийг өөрчлөх" гэж галт зэвсгийн гол төмөр, замаг, их бие буюу хайрцаг ангийг өөрчилснийг;

5 дугаар зүйл. Иргэний зориулалттай галт зэвсэг

5.1. Ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор Монгол Улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг иргэний зориулалттай галт зэвсэг гэнэ.

5.2. Ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байх бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна.

5.3. Спорт-сургалтын зорилгоор ашиглах галт зэвсгийн сумны хошуу нь зүрхэвчгүй байна.

5.4. Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд зөвхөн үзмэр, цуглуулгын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно.

9 дүгээр зүйл. Галт зэвсэг өмчлөх

9.1. Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно.

9.2. Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, 13 дугаар зүйлд заасан галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүснэ.

10 дугаар зүйл. Галт зэвсэг эзэмших

10.3. Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн галт зэвсэг эзэмших, хадгалах журмыг спортын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

10.4. Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг цагдаагийн байгууллага зохион байгуулж, сургалтын зааврыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

11 дүгээр зүйл. Галт зэвсэг ашиглах

11.1. Монгол Улсын иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлсэн зориулалтаар нь аюулгүй ажиллагааг ханган ашиглах эрхтэй. Иргэн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа галт зэвсгээ амь бие, эд хөрөнгийг араатан, амьтнаас хамгаалах зорилгоор ашиглаж болно.

11.4. Галт зэвсэг өмчлөгч иргэн галт зэвсгээ энэ хуулийн 9.1-д заасан шаардлага хангасан иргэнд түр хугацаагаар ашиглуулж болно.

11.5. Хот, суурин газарт аюулгүй байдал хангасан буудлага үйлдэх байгууламж /тир/-д спорт-сургалтын буудлага хийж болно.

11.7. Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд зориулалтын буудлага үйлдэх байгууламж /тир/-тай байна.

11.8. Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн цагдаагийн төв байгууллага олгоно.

11.9. Спорт-сургалтын зориулалтаар ашиглах болон энэ хуулийн 16.6-д заасан төвийн буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавих шаардлагыг спортын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлана.

Буудлагын талбайн ерөнхий дүрэм

  • Буудлагын талбайд зөвшөөрөлгүй, хяналтгүй буудлага үйлдэхийг хориглоно.
  • Нүдний шил, чихэвч байнга хэрэглэнэ.
  • Буудлагын талбай дээр согтууруулах болон мансууруулах бодис авч явах, хэрэглэхийг хориглоно. Согтуурч, мансуурсан хүнд үйлчлэхгүй.
  • Буудлагын талбайд орж, гарч байгаа зэвсэг цэнэггүй эсэхийг шалгасан, дайз (магазин) тусдаа, зэвсгийг зориулалтын гэр, хайрцаг, цүнхэнд хийсэн байна.
  • Буудлагын шугамаас гадна зэвсэгтэй харьцах бол зөвхөн аюулгүй бүсэд харьцаж болно. Аюулгүй бүсэд тавцан дээр сум гаргаж тавих, зэвсэгт сумтай дайз угсрахыг хориглоно.
  • Буудлагын шугам, аюулгүй бүсээс бусад газарт зэвсэг ил гаргахыг хориглоно.
  • Зэвсгийг зөвхөн буудлага хийх шугам дээр буудлага удирдагч (шүүгч, багш, сургагчийн) зөвшөөрлөөр, аюулгүй зүгт чиглүүлэн цэнэглэнэ.
  • Буудлагын шугамаас урд хүн бай солих, нөхөх болон бусад үйлдэл хийж байгаа үед зэвсгийг цэнэггүй болгож тавиурд тавьсан, эсхүл бууны гэрт хийсэн байна.
  • 16 нас хүрээгүй иргэн буудлага үйлдэх бол түүний өмнөөс хариуцлага хүлээх 21-ээс дээш настай харгалзах хүнтэй байна. 12 нас хүрээгүй иргэн гар буугаар буудлага үйлдэхгүй.
  • Байлдааны сум (хуяг нэвтлэх, гэрэлтүүлэх сум) хэрэглэхийг хориглоно. Гаднаас сум авч ирж буудах тохиодолд буудлага удирдагч шаардлага хангасан эсэхийг хянаж зөвшөөрөл өгнө.
  • Гаднаас шаардлага хангаагүй төмөр бай авчирч ашиглахыг хориглоно.
  • Буудлагын талбайд байнаас өөр эд зүйл, мал, амьтан буудахыг хориглоно.
  • Буудлагын дараа хонгио, хог зэргийг цэвэрлэн ялгаж зориулалтын саванд ангилан хаяна.
  • Буудлагын талбайд хог, тамхины иш ил задгай хаяхыг хориглоно. Зөвшөөрсөн тусгай цэгт тамхи татаж болно.
  • Буудлагын талбайн аюулгүйн далан руу зөвшөөрөгдсөн газраас бусад хэсэгт авирч гарахыг хориглоно.
  • Хөдөлгөөнд тээг болохуйц гутал, хувцастай бол буудлагыг хязгаарлана.
  • Буудлагын талбайд ашиглахаар авсан сумыг гадагш авч явахыг хориглоно. Үлдэгдэл сумыг бүртгүүлэн агуулахад үлдээнэ.

Холбоодын гишүүний ёс зүйн дүрэм

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Монголын гурван бууны болон төмөр буудлагын холбоо (цаашид холоо гэх)-ны гишүүн нь бэлтгэл, сургалт, тэмцээн болон галт зэвсэгтэй холбоотой бусад харилцаанд дагаж мөрдвөл зохих зан үйлийн хэм хэмжээг холбооны гишүүний ёс зүйн дүрэм гэнэ. 

1.2. Холбооны гишүүний зан үйлийн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэхэд дараах зарчмыг баримтална: 

1.2.1. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг өмчлөх, эзэмших, ашиглах, хадгалж, тээвэрлэхтэй холбоотой Монгол Улсын хууль, журмийг дээдлэн сахин биелүүлэх;

1.2.2. Ханан ар буудлагын талбайн Ерөнхий дүрмийг чанд мөрдөн, галт зэвсгийн аюулгүй ажиллагааг цаг ямагт хянан хэрэгжүүлэх; 

1.2.3. Спортын шудрага өрсөлдөөнийг эрхэмлэн, холбооны дүрэм, тэмцээний удирдамж, тамирчны ёс зүйд захирагдах;

1.2.4. Холбоо, холбооны гишүүний нэр хүндэд хүндэтгэлтэй хандах.

1.3. Холбооны гишүүн дараах зан үйлийн хэм хэмжээг баримтална:

1.3.1. Холбооны гишүүн нь бусадтай харилцахдаа галт зэвсэг эзэмшигч иргэн, буудлагын спортын тамирчин гэдгээ санан хүлээцтэй, тэвчээртэй, өөрийгөө бүрэн хянан, хуулийг дээдлэн сахин биелүүлэгч хариуцлагатай иргэний хувиар хүндэтгэлтэй, харьцааны соёлтой байна;

1.3.2. Холбооны гишүүн нь аливаа асуудалд хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, догшин хэрцгий авирлах, зүй бус дарамт шахалт үзүүлэх зэрэг үйлдэл гаргахгүй;

1.3.3. Холбооны гишүүн нь спортын зориулалтаар өмчилж, эзэмшсэн галт зэвсэг, сумыг зөвхөн зориулалтын дагуу, тусгайлан бэлтгэсэн буудлагын талбайд ашиглана;

1.3.4. Холбооны гишүүн бусдад аюулгүй, найдвартай байдлаар биеэ авч явж, үндэсний галт зэвсгийн соёл бүрдэхэд үлгэр дуурайлал үзүүлж, аливаа гамшиг ослоос сэргийлж хамгаалахад туслах мэдлэгэ туршлагад суралцан өөрийгөө хөгжүүлж, орон нутгын хамгаалалтыг дэмжин Монгол Улсын сөрөн тэсвэрлэх чадавхид хувь нэмэр оруулна;

1.3.5. Холбооны гишүүн нь сургалт, бэлтгэл, тэмцээний үед зан суртахууны зохисгүй байдал гаргах, цээртэй үг, хараал хэлэх, бусдын эрх ашгийг үл хүндэтгэх, спортын шударга бус өрсөлдөөн гаргаж, давуу байдал олж авах ёсгүй.

ХОЁР. ХОЛБООНЫ ГИШҮҮН ДАРААХ ЗҮЙЛИЙГ ХОРИГЛОНО

2.1. Холбооны гишүүн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, эсхүл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ галт зэвсэгтэй харьцахыг хориглоно;

2.2. Спорт, сургалт, сурталчилгаа зэрэг хуультай зөрчилдөхгүй арга хэмжээнээс бусдаар олон нийтийн газар, мөн аливаа жагсаал цуглааны үеэр биедээ галт зэвсэг авч явахыг хориглоно;

2.3. Тэмцээний үед шүүгчтэй маргалдах, зүй бусаар нөлөөлөх оролдлого хийхийг хориглоно.

ГУРАВ. ЁС ЗҮЙН ДҮРЭМ ЗӨРЧСӨН ТОХИОЛДОЛД ХОЛБООНЫ ГИШҮҮНД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

3.1. Холбооны гишүүний ёс зүйн зөрчил гэж энэ дүрмээр тогтоосон зан үйлийн хэм хэмжээ, хориглолтыг санаатай буюу санамсаргүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг хэлнэ. 

3.2. Холбооны гишүүн ёс зүйн зөрчлийн шинж байдлын харгалзан ёс зүйн дараах хариуцлага хүлээлгэнэ.

3.2.1. Гишүүнд сануулах арга хэмжээ авах;

3.2.2. Гишүүний эрхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх;

3.2.3. Гишүүний эрхийг хасах.

3.3. Ёс зүйн дүрмийн хориглолтыг зөрчсөн Холбооны гишүүнд сануулах арга хэмжээ авахгүй.

3.4. Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл илэрсэн тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад мэдэгдэнэ.

ДӨРӨВ. БУСАД

4.1. Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсэл ашиглан гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр гэм буруутайд тооцогдсон хүнийг гишүүнчлэлээс хасах бөгөөд дахин гишүүнээр элсүүлэхгүй.